Ж.Хоролсүрэн: Ерөнхийлөгч Альенде манай төлөөлөгчидтэй мэндэлж яриа өрнүүлэх зуураа “Намайг хэзээ Монгол улсад урих вэ? гэж гэнэтхэн асуусан нь биднийг бага зэрэг сандралд оруулсан.

Гадаад харилцааны байгууллагад олон жил ажилласан, испани хэлний орчуулагч Жамжаагийн Хоролсүрэнтэй түүний ажил, амьдралд тохиолдсон зарим содон үйл явдал, сонирхол, хоббины талаар ярилцлаа.

Би Гадаад харилцааны системд 20 гаруй жил ажилласан, гэхдээ өөрийнхөө талаар ярих төдийлэн дуртай биш. Харин мэргэжлийн сургуулийг нь дүүргээд насаараа энэ салбарт ажиллаж, ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэн Элчин сайд хүртлээ явсан дипломатууд, тэдгээрийн дотор олон эмэгтэйчүүд, тухайлбал, Л.Идэр, Б.Навчаа, Д.Балжинням, Н.Итгэл, О.Энхцэцэг зэрэг олон хүнийг нэрлэмээр байна. Тэд маань хийсэн бүтээсэн их зүйлтэй ч “эрдэмт хүн даруу” гэгчээр өөрсдийгөө дөвийлгөөд байдаггүй чимээгүйхэн байдаг хүмүүс учраас тэдний урдуур орж ярих нь сонирхолтой биш байх болов уу даа.

Гэхдээ нэгэнт надад ийм асуулт тавьсан болохоор товчхон хэдэн зүйл хариулъя. Би ГХЯ-ны системд гол төлөв Монгол – Куба, Латин Америкийн орнуудтай харилцах харилцааны асуудлыг эрхлэн ажиллаж байлаа. Куба улсын Гадаад харилцааны сайд, Никарагуа улсын ерөнхийлөгч Даниель Ортега, дэд ерөнхийлөгч Серхио Рамирес нар манай оронд айлчлахад, мөн манай Гадаад харилцааны сайд М.Дүгэрсүрэн Куба, Никарагуа улсад, Ц.Гомбосүрэн Куба улсад албан ёсны айлчлал хийхэд болон Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ), Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөн (ЭYHХ)-ий орнуудын хүрээнд болсон янз бүрийн хурал зөвлөгөөнд оролцсон өндөр хэмжээний төлөөлөгчдөд орчуулагчийн үүргийг гүйцэтгэж явлаа. Манайх Куба улстай улс төр, эдийн засаг, худалдаа, соёлын салбарт нэлээд өргөн харилцаатай байсан юм. Испани хэлээр ярьдаг орнуудаас манай улсад сууж байсан Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичиг барих үеэр болон манай элчин сайд нар Никарагуа, Аргентин, Мексик улсад очиж мөн Итгэмжлэх жуух бичиг барихад нь орчуулагч хийснээ дурсахад сайхан байдаг.

Анх 1965 онд Москвад Морис Торезийн нэрэмжит Гадаад хэлний дээд сургуулийн 3-р курсийн оюутан байхдаа МАХН- ын 15 их хуралд орчуулагчаар ажилласан маань тухайн үед испани хэлний мэргэжилтэн байгаагүйтэй холбоотой байсан байх. ЭЗХТЗ болон Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөний болон манай оронд болсон нам, төр, залуучууд, үйлдвэрчний байгууллагын шугамаар зохиогдож байсан хурал зөвлөгөөнүүдийн үеэр пресс группэд ажиллажээ.

Орчуулсан бүтээлүүд бий. 1991 онд манай уул уурхайн асуудал эрхэлсэн удирдах албан тушаалтнуудын хамт Чили улсад зочлох очих завшаан тохиолдсон юм. Уул уурхайн асар их туршлагатай чили нөхдөөс суралцах зорилготой байсан. Тэр үеэр дэлхийд эхний аравт багтдаг зэсийн том уурхайнуудтай танилцаж, тэр далимд Чилийн уул уурхайн хуулийг олж авч орчуулан дээд байгууллагад хүргүүлсэнээ тод санаж байна. Мөн ажлын шугамаар Б.Пүрэвсүрэн Д.Пунцаг нартай хамтарч Ю.Цэдэнбал даргын түүвэр зохиолыг испани хэл рүү орчуулжээ. “Цог” сэтгүүлийн зарим дугаар, мөн ардын дуунуудаас орчуулах ажлыг гүйцэтгэж байлаа. 1985-1989 онд Куба улсад ажиллаж байх хугацаандаа Кубын үндэсний радиотой хамтарч “Улаанбаатараас ярьж байна” радио нэвтрүүлгийг Куба болон Латин Америкийн орнуудад цацах ажлыг зохион байгуулсан. Хамгийн сүүлд АСЕМ ийн хурал манай оронд зохион байгуулагдахад Коста Рика улсаас тэдний дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан төлөөлөгчтэй ажилласнаа дурдахад таатай байна.

1970 аад оны эхээр Чили явсан тухайд гэвэл их л сонирхолтой дурсамж үлджээ. Тэгэхэд дээд сургууль төгсөөд нэг их удаагүй, социалист орноос бусад улсад очиж байгаагүй, залуу ч байж. Улаанбаатараас Москва хүрээд тэндээс Бүх холбоотын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн тусгай онгоцоор Прага, Марокко улс, Насау Арал, Гавана, Лима хотоор дайран 30 гаруй цаг нисээд Сантьяго хотод хүрч Чилийн Ерөнхийлөгч Сальвадор Альендегийн Засгийн газрыг дэмжиж эв санааны нэгдлээ илэрхийлэх Дэлхийн Ассамблейд оролцохоор аялсан нь тэр. Нэг орой Сальвадор Альенде хүлээн авалт хийж манай төлөөлөгчид ч оролцсон юм. Тэр үеэр ерөнхийлөгч Альенде манай төлөөлөгчидтэй мэндэлж яриа өрнүүлэх зуураа “Намайг хэзээ Монгол улсад урих вэ? гэж гэнэтхэн асуусан нь биднийг бага зэрэг сандралд оруулсан. Тэгэхэд манай төлөөлөгчдийн тэргүүн “Хэрэв эрхэм хүндэт ерөнхийлөгч Та манай оронд айлчилбал Монголын ард түмэн нэн баяртай байх болно” хэмээн хариулсныг санаж байна.

Куба улсад суугаа ЭСЯ-ндаа техник ажилтнаас эхлээд судлаач орчуулагч, хэвлэлийн атташе, гуравдугаар нарийн бичгийн даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ. Ингээд Дипломат албаны 60 жилийн ойгоор түшээ, 1994 онд дэд итгэмжит дипломат цол авчээ. Улсад нийтдээ 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гараад 26 жил болсон байна.

Миний сонирхол, хоббины талаархи асуултад товч хариулъя. Социалист нийгмийн жилүүдэд манай оронд хүнс, барааны нэр төрөл төдийлөн өргөн байгаагүй. Тэр үед охиддоо хатгамалтай хувцас их оёдог байлаа. Харин тэтгэвэрт суусан он жилүүдэд полимер шавраар бэлэг дурсгалын зүйл хийх, гар нүүрийн саван, алчуур чимэглэх, шил шаазан оргилуун дарс чимэглэх, бисерээр гоёл чимэглэл урлах зэрэг өөрийн сонирхлын дагуу зарим жижиг сажиг зүйл оролдож суудаг болсон. Дашрамд хэлэхэд, манай бага охин надтай адил сонирхолтой. Багад нь цэцэрлэг олж явуулж чадаагүй байхад гэртээ цоожлуулаад үлддэг байсан. Нэг удаа намайг ажлаасаа ирэхэд 40 шахам дэгдээхэй зурснаа үзүүлж байсан шүү. Хүүхдийн зургийн уралдаанд түрүүлээд Артек явах эрх авсан ч явж амжаагүй, уг эрхийг дараачийн хүүхдэд шилжүүлсэн санагдана. Манайх Куба улсад томилогдоод ажиллахад эх орноо сурталчлах материал хомс, төсөв мөнгө хүрэлцэхгүй байсан тэр үед Ардын хувьсгалын ойг тохиолдуулан хоёр удаа охиныхоо зурсан зургуудаар үзэсгэлэн гаргаж гол арга хэмжээ болгон тэмдэглэж байлаа. Энэ талаар тухайн орны хэвлэлд мэдээлж байсан.

Урлагийн ямар төрлийг сонирхдог талаар хариулахад ер нь дуурийн дуу, классик балетад дуртай. Манай улс цөөхөн хүн амтай хэдий ч классик балетын сайн бүжигчидтэй, дэлхийд ийм төрлийн бүжиг хөгжсөн хуруу дарам цөөн улс байдаг гэж боддог. Бас 40-50-иад оны кинонд дуртай, тэр үеийн эмэгтэйчүүдийн хувцаслалт маш сайхан, эмэгтэйчүүдийн биеийн хэлбэр галбирыг илүү тодотгож өгдөг байсан санагддаг.

Ц.Отгонсүрэн


Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад тохиолдсон зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад зориулж яаралтай тусламжийн барааг 2024 оны 3-р сарын 25-ны өдөр Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв. Тус арга хэмжээнд Монголын талаас Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ОБЕГ-н дэд дарга Б.Ууганбаяр, Японы талаас Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М. Игавахара, “ЖАЙКА”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэд дарга Т. Ёшимүра нар оролцжээ.

Дэлгэрэнгүй


Л.Төр Од: “Үндсэн хууль цуглуулна гэхээр сонин санагддаг байх”

Манай сайт янз бүрийн ажил мэргэжил, нас, хүйс, үзэл бодолтой хүмүүс үндсэн ажил, үүргээсээ үл хамааран, зөвхөн өөрсдийн сонирхлоор, сайн дураараа цаг заваа зориулдаг тэр зүйл буюу хоббиг танилцуулж байх зорилгоор энэхүү буланг нээж, эрх зүйч, иргэний нийгмийн зүтгэлтэн, одоо “Монгол даатгал” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Лхагважавын Төр-Одын яриагаар эхэлж байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр учраас энэ ярилцлага бүр утга учиртай юм.

Дэлгэрэнгүй