МОНГОЛД

Өчигдөр. Өнөөдөр. Маргааш

Archive for the ‘Тодорхойгүй’ Category

Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт барилгуудыг буулгаж байгаа 5 шалтгаан

Posted by Mongold on 2020

Албан тушаалтнууд тайлбарлахдаа, хуучирч муудсан учраас шинэчилж байна гэдэг. Гэхдээ хэргийн учир эдгээр барилгууд хэрэгцээ шаардлага хангахгүй болсондоо биш бөгөөд дараах шалтгаантай. Үүнд, 

Нэгдүгээрт, нийслэлийн болоод төр засгийн удирдлагын эмх замбараагүй хот төлөвлөлт, авлигажсан газар олголт, барилгажилтын улмаас ачааллаа даахаа больсон Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж захын гэр хороолол, дэд төв, дагуул хотуудыг алсын хараатай хөгжүүлж чадахгүй болохоороо үүссэн хүндрэл бэрхшээлийг нийслэлийн төвийн хуучин барилгуудыг шинэ, өндөр, томоор солих замаар шийдэхийг оролдож байна. Холын бодлого, алсын хараагүй ийм шийдвэрүүд нь дараа дараачийн төвлөрөл, түгжрэл, түүнийг шийдэхэд зарцуулах бүр их зардлыг шаардах нь тэдэнд огт хамаагүй ажээ.

Хоёрдугаарт, соёлын дурсгалт барилгыг хадгалж хамгаалах, үүний тулд арчилж сэргээн засварлаж байх үүргээ биелүүлээгүй үүрэг хариуцлагаас мултрах ганц арга нь бүгдийг хуучирч муудсан нэрээр айлгаж байгаад нураах явдал болжээ. Муутгаж, муухай харагдуулах тэдний арга юм. Соёлт ертөнцөд хэдэн зуун жилийн настай барилгыг хүртэл засаж сайжруулдаг, шаардлагатай гэвэл хүчитгэж бэхжүүлэх арга технологи бэлэн байдаг талаар сонсохыг ч хүсдэггүй. Мэргэжлийн хяналтын байгууллага ч гэсэн хариуцлагаас шууд зайлсхийж буулгах хэрэгтэй гэсэн амрыг бодсон шийдвэр гаргаж өгдөг. 

Гуравдугаарт, хотын төвийн бэлэн дэд бүтэцтэй газарт юу ч байсан нураагаад шинийг, өндрийг, илүү төсөвт өртөгтэйг босгох гэсэн барилгын компаниудын бизнесийн ашиг сонирхол ноёлж байна. Үүнийгээ бүтээн байгуулалт гэдэг гоё нэрээр зөвтгөдөг хэдий ч тэр бол үнэн хэрэгтээ устган байгуулалт. 

Дөрөвдүгээрт, хотын төвийн ямар ч барилгыг хуучирч муудсан шалтгаар буулгаж өндөр үнэ хүрэх ашигтай газруудыг чөлөөлж авах гэсэн эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлыг ингэж гүйцэтгүүлдэг. Урьд нь сул чөлөөтэй зай, нийтийн эзэмшлийн талбай, мод цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбайг булааж (үүнийг “газрын маргаан” гэдэг байсан) дуусмагцаа түүхэн дурсгалт барилгуудад халдаж байгаа хэрэг юм.  

Тавдугаарт, барилга хот байгуулалт, соёл, боловсролын асуудал хариуцсан төрийн  захиргааны төв болон урлаг соёлын байгууллага, нийслэлийн төр захиргааг Улаанбаатарт төрж өсөөгүй учраас XX зууны бидний суурин иргэншлийн эхлэл, хотын амьдрал, барилга, гудамж талбайн тухай ой санамж, дурсамж байхгүй, үнэ цэнийг мэдэрч ухаардаггүй, эсвэл умартаж улс төр, бизнесийн ашиг сонирхолд автан албан тушаалын эрхэнд орсон, дээрээс тушаасан юуг ч дуулгавартай гүйцэтгэдэг хүмүүс удирдаж байна.

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн долоо хоног”

Posted by Mongold on 2019

“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн долоо хоног”

Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Ч.Амаржаргал: Манай иргэд өөрийгөө эмчлэх, эмийг дур мэдэн хэрэглэх нь түгээмэл байдаг.

– Долоо хоногийн үеэр ямар ямар арга хэмжээг зохион байгуулах вэ? 

– Энэ жил “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор, Эрүүл мэндийн яам,  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна. Юуны өмнө антибиотикийн хор уршгийн талаар нийт иргэдэд зориулсан төрөл бүрийн сурталчилгаа, сургалтуудыг хэвлэл мэдээлэл болон бусад сувгаар явуулна. Бас эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулна. Жишээлбэл, нийтийн үйлчилгээтэй эмийн сангийнхан болон улсын 1-р эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалттай. Орон нутгийнханд  хандаж онлайн сургалт явуулах гэх мэтээр чиглэл чиглэлээр ажиллана. Энэ жилийн дэлхийн 7 хоногийн  нэг онцлог бол хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран оролцож малчдад зориулсан мэдээлэл түгээж байгаа явдал юм.

– Монгол дахь зарим эм, тухайлбал антибиотикийн хэрэглээ дэлхийн олон хүн амтай зарим том улсын тийм эмийн хэрэглээтэй тэнцэхүйц их гэх  мэтээр ярьдаг. Энэ үнэн үү? 

-Манайд антибиотикийг харьцангуй их хэрэглэдэг нь үнэн. Иргэд өөрөө өөрийгөө эмчлэх, эмийг дур мэдэн хэрэглэх буруу зуршил олон жилийн турш түгээмэл явж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны судалгаагаар нэг хүнд ногдох хоногийн эмийн тунг 1000 хүн амд тооцох аргачлалаар бодож үзэхэд манайх яах аргагүй өндөр гарсан. Ийм учраас юуны өмнө антибиотикийг жороор олгох ёстой гэж үзсэн юм. Өнөөдөр бүх түвшиндээ жор асууж олгодог болсон. Ингээд 2018 онд нөхцөл байдлыг ДЭМБ-ын аргачлалаар дахин судалж үзэхэд 2015 оны үзүүлэлт 21,7 хувиар буурсан ахиц гарсан хэдий ч бидний антибиотикийн хэрэглээг бас л өндөр хэвээр байна гэж дүгнэсэн.

– Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн эм, тэр дундаа антибиотикийг сурталчлаад байх шиг харагддаг… 

-Энд ямар эм гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай болон зар сурталчилгааны тухай хуулин дээр зөвхөн жоргүй олгох эмийг сурталчилна гэсэн байдаг. Тэгэхээр иргэд маань аль нь антибиотик, аль нь жортой жоргүй олгох эм болохыг ялгахгүй байж магадгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төв хэвлэл мэдээллээр явж байгаа эмийн бүх зар сурталчилгаанд зөвшөөрөл өгч агуулгыг нь хянаж байгаа. Сурталчилж байгаа бол антибиотик биш учраас зөвшөөрсөн гэсэн гэсэн үг. Тэгэхээр антибиотик болон жороор олгодог бусад эмийг сурталчлаагүй гэж ойлгож болно.

-Танд баярлалаа.

Ярилцсан Ц.Отгонсүрэн

Антибиотикийн зөв хэрэглээ ба хор уршгийн талаарх сонирхолтой бусад зурагт хуудас, дүрс бичлэгүүдийг энд дарж үзнэ үү.

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

“Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна”

Posted by Mongold on 2019

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др.Такеши Касайн мэндчилж байна

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

М.Отгонбаатар: Хаан ширхэгт ноолуур гэдэгт манай хөх сарлагийн хөөвөр ордогт туйлын баяртай байна

Posted by Mongold on 2019

“Монголын хаан ширхэгт” ноолуурын олон улсын форум Улаанбаатар хотноо болж өндөрлөв. Энэ арга хэмжээ нь манай ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн түвшинд брэнд болгоход онцгой ач холбогдолтой болж “Монголын хаан ширхэгт” ноолуурын чанарыг гэрчлэх тэмдгийн хөтөлбөрийг танилцуулав. “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэг нь 100% монгол ноолуураар үйлдвэрлэгдсэн, байгальд ээлтэй, тогтвортой бүтээгдэхүүнийг гэрчилнэ. Эхний удаад “Говь” ХК, “Эвсэг”ХХК, “Ханбогд” ХХК-иудад “Монголын хаан ширхэгт” тохирлын гэрчилгээг гардуулан өгсөн юм.

Форумд урилгаар ирж оролцсон малчид, хөдөөгийн бизнес эрхлэгчдийн нэг нь Хөвсгөл аймгийн Улаан–Уул сумын дархад малын “Хишиг-Ундрах” хоршооны дарга М.Отгонбаатар байв.

– Та өөрийгөө танилцуулахгүй юу?

– Намайг Отгонбаатар гэдэг. Хөвсгөл аймгийн Улаан –Уул сумын дархад малын “Хишиг-Ундрах” хоршооны даргаар ажилладаг. Бас Бэлчээр – ногоон алт” төслийн “Бэлчээр ашиглалтын холбоо” ТББ бас хариуцаад ажиллаж байгаа.

– Энэхүү олон улсын форумд оролцож байгаа зорилгоо хэлнэ үү?

– Би өөрийн сумын 4 малчны хамт Форумд оролцож байна. Бид сумандаа сүүлийн хоёр жил хөх сарлагийн хөөврийг бэлтгэн үйлдвэртэй нийлүүлж, дээр нь Азийн Хөгжлийн Банкны Хөдөө аж ахуйн нэмүү өртгийг дэмжих төсөл дээр хамтраад ажиллаж байна. Хөх сарлагийн хөөврийг дэлхийд гаргаж эцсийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн болгох тал дээр “Жинст мөрөн” компанитай хамтардаг. Хоршоо маань малчдынхаа түүхий эдийг анхан шатнаас бэлтгэн нийлүүлдэг.
Бидний гол зорилго бол чанартай хөөвөр ноолуурыг бэлтгэн нийлүүлэх явдал юм. Энэ тал дээр Азийн Хөгжлийн Банкнаас дэмжлэг үзүүлдэг. Хөх сарлагийн тоо толгойн судалгаа, хөөврийн гарц чанарын судалгааг давхар хийсэн.
Ингээд бид Улаан уул сумандаа анх удаа хөх сарлагийн аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулаад байна. Цаашид хөх сарлагийнхаа тоо толгойг өсгөх, түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүн болгох, тэр дундаа хөх сарлагийн хөөврөө дэлхийн зах зээлд гаргах талаар дээр дурдсан “Жинст Мөрөн” компанитай хамтран ажиллана.

– Таныхаар “Хаан ширхэгт гэж ямар ноолуурыг хэлэх вэ?

– Миний бодлоор, хамгийн голч нарийнтай хамгийн урт бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэргийн чанартай хөөвөр ноолуурыг хэлнэ. Хаан ширхэгт ноолуур дотор бага насны ямаа болон манай хөх сарлагийн хөөвөр орж байгаад миний хувьд туйлын баяртай байгаа.

-За баярлалаа.

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

+ Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жил, даатгалын салбарын 85 жилийн ойд зориулсан шилдэг бүтээлийн уралдаан

Posted by Mongold on 2019

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ

Posted by Mongold on 2019

“Ган үзэг-2019” наадамд “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулах ба шагналын сан 100 сая төгрөг байх юм.

Шилдгийн номинацид нэр дэвшүүлэх бүтээл, сэтгүүлч, уран бүтээлч, байгууллагад тавих шаардлага, шалгаруулах журам, шагналын сан, шалгаруулалтын хугацаа зэргийг дараах удирдамжаас авч болох юм байна.

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна.

ШАГНАЛЫН САН: 100.000.000 /нэг зуун сая/  төгрөг


1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА 

Шилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Шилдэг телевиз – 1
  • Шилдэг радио- 1
  • Шилдэг сонин – 1
  • Шилдэг мэдээллийн сайт – 1
  • Шилдэг сэтгүүл – 1

2. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч -1
  • Сонины шилдэг сэтгүүлч -1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
  • Шилдэг судлаач -1

3. ШИЛДЭГ БҮТЭЭЛ

Шалгарсан бүтээл тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг бүтээл – 1
  • Радиогийн шилдэг бүтээл – 1
  • Сонины шилдэг бүтээл – 1
  • Мэдээллийн сайтын шилдэг  бүтээл – 1
  • Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1

4. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮД 

Шилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 3.000.000 /гурван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Орон нутгийн шилдэг сонин, сэтгүүл– 1
  • Орон нутгийн шилдэг радио – 1
  • Орон нутгийн шилдэг телевиз – 1
  • Орон нутгийн шилдэг сайт – 1
  • Орон нутгийн сайтын шилдэг сэтгүүлч -1
  • Орон нутгийн сонин, сэтгүүлийн шилдэг сэтгүүлч -1
  • Орон нутгийн телевизийн шилдэг сэтгүүч- 1
  • Орон нутгийн радиогийн шилдэг сэтгүүлч-1

5. ШИЛДЭГ РЕДАКТОР

Шилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.

  • Телевизийн шилдэг редактор – 1
  • Радиогийн шилдэг редактор -1
  • Сонины шилдэг редактор -1
  • Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
  • Сэтгүүлийн шилдэг редактор – 1
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1

ТАВИГДАХ ШААРДЛАГА

-Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

-Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.

-Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

-Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

-Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

-Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.

  • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
  • Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
  • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725

И-Мэйл: mseonline@yahoo.com

НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА

2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 сарын 22-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Шилдгүүдийг “Ган үзэг-2019” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

Кантер.Ч.С. MOTHER. First Solo Exhibition

Posted by Mongold on 2019

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 2019.10.14-25-ны өдрүүдэд гарч байна 

Дэлхий, байгаль эхэд та хэзээ сүүлд талархсан бэ?
Хүний мартаж орхисон энэрэл, нигүүлсэл “өгөхийн” тухай ойлголтыг тэд л хамгийн үнэнчээр түгээн, биелүүлээд оддог гэдгийг бид мэднэ.
Бид бол дэргэд нь эс төдийхөн хэлтэрхий нь билээ.
Энэрэл хайр дотроос л гардаг атал бид олон зүйлийг харж, шүүж, тунгааж явсаар дотоод өөрийгөө хамгийн гүндээ цоожлоод хаясан байх вий…
Өнөөгийн нийгэм завсар өгөхгүй худал, хуурмагаар дарангуйлах үед амар тайван, сайхан бүгдийг байгаль харамгүй бэлэглэж буйг нь та хамгийн сүүлд хэзээ ажиглаж түүнд талархах сэтгэл төрсөн бэ? Бид байгалиас холдох тусам нүд сохорч, чих дүлийрч, зүрх үгүйрч харгис хатуу болсоор л байх шиг….
Энэ хорвоод бид эр, эм, сайхан, муухай хаана төрсөн гэхээс илүүтэй энэ биедээ бид бүгд үнэн гэдгийг хайх аялагч нар билээ. Энэ аялалд минь биднийг амьдруулагч бүтэн дэлхий, бүрэн байгаль хэрэгтэй. Бүтээлийн минь санаа ердөө л “ТЭД АМЬД БАЙГАА….

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

“Миний мөрөөдлийн сэтгүүл зүй” эссе, видеоны уралдаан

Posted by Mongold on 2019

Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2019-г угтан “миний мөрөөдлийн сэтгүүл зүй” уралдааныг зарлаж байна.

Зорилго: Ёс зүйн форумаар хэлэлцэх асуудалд оролцогчдын анхаарлыг хандуулах, форумаас хүлээгдэж буй үр дүнг зураглахад чиглэнэ.

Уралдааны хүрээнд хөндөх дэд сэдвүүд:
– Сошиал медиа мэргэжлийн сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж байна вэ
– Сошиал медиагийн орчинд сэтгүүлч хэрхэн ажиллавал зохистой вэ
– Сошиал медиагийн орчинд сэтгүүлч ажиллахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулах тухай

Уралдааны хэлбэр: Эссе, видео

Хамрах хүрээ: Сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Их, Дээд сургуулийн бакалаврын түвшний оюутнууд

Уралдааны оролцогчдоос эхний 20 шилдэг бүтээлийн эзэд 2019 оны 10 сарын 30-нд болох Сэтгүүл зүйн ёс зүйн форумд оролцох эрхтэй болох бөгөөд шалгарсан 1 бүтээлийг форумын нээлтийн үеэр олон нийтэд танилцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ.

Бүтээл хүлээн авах: 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 18:00 цагаас өмнө info@mediacouncil.mn хаягаар ирүүлнэ.

Бүтээлийг илгээхдээ “Миний мөрөөдлийн сэтгүүл зүй уралдаан 2019” хэмээн хаяглаж, оролцогчийн нэр, сургууль, анги, холбоо барих утас зэрэг мэдээллийг оруулсан байна. Эссег 1500 хүртэлх үгэнд багтаах бөгөөд мөр хоорондын зай 1.15, “ариал” фонтоор бичсэн байна. Видеоны урт нь 5 минутаас хэтрэхгүй байх ба, нийтэд нээлттэй цахим платформд (YouTube, WeTransfer гм) байрлуулж, холбоосыг уралдааны баг руу илгээнэ.

Холбоо барих утас: 88006811, 70000160

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

“Архитектурын ул мөр” сэдэвт гэрэл зургийн уралдаан

Posted by Mongold on 2019

“Түүх, дурсамж, өв соёлоо хамгаалцгаая” сэдвийн хүрээнд архитектурыг олон нийтэд таниулах, оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэхэд уриалан ахмад үеийнхээ бүтээлийг хүндэтгэх нийгэмд хүлээсэн үүргээ ухамсарлан 3 үе шаттай үйл ажиллагаа зохион байгуулж байгааг мэдэх бизээ.Тэгвэл энэ үйл ажиллагааны дараагийн хэсэг болсон түүхэн дурсгалт барилгын үнэ цэнийг олон нийтэд таниулан хүргэх, архитектурын үнэт өв болсон барилгуудыг гэрэл зургаар баримтжуулан, сантай болох зорилготойгоор “Архитектурын ул мөр” сэдэвт #ГЭРЭЛ_ЗУРГИЙН_УРАЛДААН зарлаж байна.

Зохион байгуулагч : Archigraphy, Ve’rtect Must

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/events/568035407071052/

УДИРДАМЖ:

#ШАГНАЛЫН_САН 500`000₮

#ЗОРИЛГО
Монголын архитектурын өв болсон түүхэн дурсгалт барилгын гэрэл зургийн сантай болох, баримтжуулан авч үлдэх, үнэ цэнийг олонд таниулах түүний тухай ойлголтыг нийтэд хүргэх

#СЭДЭВ
Оролцогчид “Архитектурын ул мөр” гэсэн сэдвийн хүрээнд Монгол орны архитектурын өв болсон барилгын гэрэл зургийг аван тайлбар мэдээлэл бэлтгэх байдлаар ямар ч байдлаар өрсөлдөж болно.

#ШАЛГАРУУЛАЛТ
1-3 хүртэл байр эзлүүлнэ. Уралдаан нь 3 үе шатаас бүрдэнэ.
1-р шат : Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг бүтээлд тавигдах шаардлагын дагуу зохион байгуулж буй комиссын хүрээнд хасалт хийгдэнэ.
2-р шат : 1-р шатанд шалгарсан бүтээлүүдийг хувийн дугаар өгч олон нийтийн сүлжээд (Archigraphy Facebook хуудас) ил тод байдлаар байршуулах ба хамгийн их хандалт авсан 3 бүтээл 3-р шатанд автоматаар шалгаран, үлдсэн 7 бүтээлийг мэргэжлийн баг шүүн тэнцүүлнэ. /2-р шат 10 хүн /
3-р шат : Шалгарч үлдсэн 10 бүтээлээс 5 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг шүүж эхний 1-3 байрыг тодруулна.

#ОРОЛЦОГЧ
Мэргэжлийн гэрэл зурагчид, архитектор, дизайнерууд, оюутан залуус болон гэрэл зураг сонирхогч хэн бүхэнд нээлттэй.

#БҮТЭЭЛ_ХҮЛЭЭЖ_АВАХ
2019 оны 10-р сарын 14 – 2019 оны 10-р сарын 24-ны өдөр хүртэл archigraphy.mongolia@gmail.com шууданруу мэдээлэлээ явуулна уу!

#ШАЛГАРУУЛАЛТАНД_ТАВИГДАХ_ШААРДЛАГА
• Бүтээл нь уралдааны хүрээнд нийцсэн сэдэвтэй байх;
• Бүтээл нь тухайн оролцогчийн өөрийн өмч байх / Бусдын бүтээл ашигласан тохиолдолд уралдаанаас хасахыг анхаарна уу /
• Гэрэл зургийн өөр урсгал чиглэлийн бүтээлийг тэмцээнд оролцуулах боломжгүй;
• Бүтээл бүр өөрийн нэр, тайлбартай байна.

#ШАЛГАРУУЛАХ_КОМИСС
5 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг байна.

#ХОЛБОО_БАРИХ
Утас: 9500-0056, 8904-8555

#ХУРААМЖ
5000₮ /

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

Монголын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор Д.Одонтуяа: Бид  буурай хөгжилтэй орнуудын дунд нэгдүгээрт, харин дэлхийд 28-р байранд явж байна

Posted by Mongold on 2019

– Хөнгөвчлөх үйлчилгээний дэлхийн өдрийг Монголд яагаад тэмдэглэх болсон бэ?

-Манай улс 2000 оноос Ази номхон далайн бүсийн хөнгөчлөх үйлчилгээний нийгэмлэг, 2005 оноос Дэлхийн Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нийгэмлэгийн гишүүн болсон. Тэр жил олон улсад энэ өдрийг тэмдэглэх болсонтой нэгэн зэрэг бид бас тэмдэглэж эхэлсэн. Ялалтын талбай дээр бөмбөлөг хийсгээд тайз засаад жүжигчдийг уриад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга ажилтан нийлээд 500 гаруй хүмүүс оролцсон өргөн арга хэмжээ болж тэмдэглэж байсан.” Бид тэгэхэд илааршуулах боломжгүй өвчтөн амьд л байгаа юм чинь  зовиургүй, өвдөлтгүй, сэтгэлийн шаналалгүй байх эрхтэйг танилцуулж билээ. Бас манай хосписууд үнэ төлбөргүй үзлэг хийсэн.

– Өнөөдөр манайд хөнгөвчлөх үйлчилгээ ямар түвшинд байна вэ?

– 2000 оноос манай нийгэмлэг байгуулагдах үед манайд энэ нэр томьёо үндсэндээ байгаагүй, Эрүүл мэндийн яам нь сайн мэдэхгүй, анагаахын сургуулиуд нь  заадаггүй, иргэд ч гэсэн төлбөрийг хөнгөвчилдэг гэж ойлгох нь түгээмэл байсан.

Ингээд 2000 онд анх Хавдар судлалын төв  дээр тасаг нээгдээд цаашдаа “Ногоон гэр” хоспис “Найдвар” хоспис  “Ивээл” хосписууд гээд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний хосписууд байгуулагдаж эхэлсэн. 2005 онд  хөнгөвчлөх тусламж үйлчилгээний стандарт бий болж 2006 онд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэдэг  үгийг  Эрүүл мэндийн тухай хуулинд  оруулж үнэ төлбөргүй байхаар заасан. Гэвч үүнийг хэрэгжүүлэх олон саад бэрхшээлтэй тулгарч байлаа. 2012 оноос ЭМД-ын хуулиар санхүүжих болсон ч асуудал хэвээр байсан. Иймд манай нийгэмлэгээс хөөцөлдсөний үр дүнд 2015 оноос нэг өвчтөнд 80.000 төгрөг байсныг 200000 төгрөгөөр даатгалаас  санхүүжих болсон. Өнөөдөр аймаг, дүүрэг болгонд хөнгөвчлөх үйлчилгээний ор, тасаг ажиллаж байна. 

Тулгамдсан асуудал гэвэл 2018, 2019 оны 692 ор батлагдсан хирнээ өнөөдөр бүрэн ажиллахгүй, эмч сувилагч нар  бэлтгэгдээгүй, дутагдалтай байна. Эмч сувилагч нарыг сургалтыг идэвхжүүлэх шаардлагатай боловч сургалт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн хөгжлийн төв зөвшөөрөхгүй байгаа зэрэг хүнд сурталтай асуудал гарч байна.  Одоо энэ сургалтыг Эрүүл Мэндийн Яам явуулахгүй, Эрүүл  мэндийн Хөгжлийн төв ч явуулахгүй нь ойлгомжтой. Маш их бэрхшээл байна.  

Гэхдээ манайд хөнгөвчлөх эмчилгээ нь ЭМД-ын хуулиндаа цогцоороо орсон, тийм үйлчилгээний иж бүрэн системтэй болсон. Бид үүгээрээ буурай хөгжилтэй орнуудын дунд, нэгдүгээрт, харин дэлхийд 28-р байранд явж байна.

-Төгсгөлд нь нэг асуулт тавья. Сүүлийн үед хилийн чанадад эутаназ гэж их ярьж байна. Манайхан хэвлэл мэдээллээс үзэж сонсдог. Энэ манайд хамаатай асуудал уу?  

-Эутаназ гэдэг бол өвчтөн өөрөө хүсээд өргөдлөө бичсэн тохиолдолд тэр хүсэлтийг 5-аас доошгүй эмчийн комисс шийдвэрлэж, тэр хүний зовиур шаналгааг орчин үеийн анагаах ухаан намдааж чадахгүй юм байна гэдэг нь батлагдсан тохиолдолд амь насыг нь харгис бусаар егүүтгэхийг хэлж байгаа юм. Дэлхийн хамгийн анх Голландад, дараа нь европын хэд хэдэн орон, АНУ-ын Орегано мужид  эутиназын хууль анх батлагдсан.  Одоогоор дэлхийн 260 шахам орноос зөвхөн 6 улс ийм хуультай.

Хүний амь егүүтгэх нь ямар ч шашинд харш. Бурханч лам Г.Пүрэвбатын хэлснээр буддын шашинд бас нийцэхгүй, бурхан хүнд амь өгсөн бол бурхан өөрөө авч явна, хүн хүнийхээ амийг таслах ёсгүй. Монгол Улсад ийм хууль боломжгүй. Учир нь хүний зовиур шаналгааг хөнгөвчилдөг эмчилгээ байсаар байтал егүүтгэнэ гэдэг том аюул үүсгэж болохыг нотолсон. Хууль нь 100 хувь жигдэрсэн, хүний эрхийг 100 хувь дээдэлдэг улсад өөр хэрэг байх.

-Мэдээлэл өгсөн Танд баярлалаа.

Ц.Отгонсүрэн

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

Эрх зүйн боловсролын сэдвээр бүтээлийн уралдаан

Posted by Mongold on 2019

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

Чарльз Воллеранд: Олон соёлыг шууд харьцуулах боломжгүй

Posted by Mongold on 2019

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Соёл, урлагийн газар “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенц”-ын хүрээнд 4 өдрийн сургалт, арга хэмжээг зохион байгууллаа. Төгсгөлд нь төрийн болон хувийн хэвшил, чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөлтэй чөлөөт ярилцлагыг өрнүүлсэн юм.

Энэ арга хэмжээнд оролцсон Telefilm Canada  байгууллагын хөтөлбөрийн ажилтан Чарльз Воллеранд-ад хэдэн асуулт тавьж ярилцлаа. Тэрбээр ЮНЕСКО-гийн соёлын илэрхийллийг түгээх конвенцийн олон улсын зөвлөхөөр ажилладаг.  

– Та Монголд урьд нь ирж байсан уу?

– Үгүй ээ, анх удаагаа Монголд ирж байна.

– Эхний сэтгэгдлээ хуваалцана уу?

-Миний бодож байсантай харьцуулахад Монгол бол илүү сайн хөгжиж буй улс юм байна. Хоёр том гүрний дундах шинэ залуу ардчилсан улс гэдгийг нүдээрээ харлаа.

– Таны явуулсан сургалт, энэ үеэр болсон хэлэлцүүлгийн гол агуулга юу вэ?

-Өнөөдөр сургалт өдөржин үргэлжилсэн ч оролцогчид, ялангуяа залуу эмэгтэйчүүд дуустал нь сууж идэвхтэй оролцсонд талархаж байна.  Орчин цагт хэвлэл мэдээллийн нийгэмд эзлэх байр суурь асар өндөр болжээ. Шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд залуу үе идэвхтэй ажиллаж байна. Монголчууд соёлыг үнэхээр дээдэлдэг, бас ардчиллыг үнэхээр хүндэлдэг нь харагдаж байна. Сургалтанд оролцогчид өөрсдийн өмнө тулгарсан зовлон бэрхшээлийг хуваалцахын зэрэгцээ хамтран ажиллах санал дэвшүүлсэнд баяртай байлаа. Хэлэлцүүлгийн үр дүнд юу ойлгосон бэ гэвэл монголын хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан асуудлыг бүгд сайн мэдэж, шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж чадаж байна.

Бас 2005 оны ЮНЕСКО-гийн соёлын биет болон биет бус  конвенцыг танилцуулж ярилцлаа. Өмнөх сургалтанд зөвхөн соёлын салбарын  бус, бас Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон.  Ийм оролцоо зайлшгүй байсан. Яагаад гэвэл одоо шинэчлэгдэж байгаа нөхцөл байдлыг шинжиж аль болох нэгдсэн нэг ойлголтод хүрнэ гэдэг бол амаргүй зорилт. 2020 оны 4 сард ЮНЕСКО-д өргөн барих Монгол Улсын тайланд юу тусгах, өнгөрсөн хугацаанд юу хийсэн, цаашид ямар зүйлийг сайжруулж ажиллах талаар сайтар ярилцлаа.

Анхаарал татсан асуудал гэвэл монголын төрийн бус байгууллагууд чадварлаг, хүчтэй юм байна. Харин хэвлэл мэдээллийн салбар, хөгжмийнхний идэвхтэй оролцоо үгүйлэгдэж байна. Бүрэн сайн тайлан гаргахын тулд талуудыг  аль болох бүрэн хамруулах хэрэгтэй.

– Бусад улс орнуудтай харьцуулахад?

-Би арав гаруй улсад сургалт хийж байсан. Улс орон болгон өөр өөрийн онцлогтой учраас тэр болгоныг харгалзан үзэж хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Шууд харьцуулах боломжгүй. Соёлын  асуудал бол маш нарийн түвэгтэй. Ийм учраас өчигдөр өнөөдрийн хэлэлцүүлэг харилцан яриаг эхлүүлэх зорилготой байсан. Бид одоо хаана байгаагаа мэдэж, бас бусдын алдаан дээр суралцахыг хичээх хэрэгтэй.

– Та өөрийгөө товч болов танилцуулна уу?

-Манай эхнэр индонез хүн байдаг. Тэгэхээр миний тал нь канад, тал нь индонез. Манайх хүү охинтой.

– Танд баярлалаа

P.S: 

Хэлэлцүүлгийн танхимд байрлуулсан дэлгэцэн дээр гарч байгаа гадаадын хүүхэлдэйн киног хараад Чарльз Воллеранд өөрийн саналаа ингэж хэлсэн юм.

Би энд бараг хагас цаг сууж байхад энэ сувгаар гарч байгаа энэ хүүхэлдэйн кино хүүхдүүдэд эерэг сайн нөлөө үзүүлэх бүтээл биш байна. Гадаадын юм болгон сайн биш. Чухам үүнд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг маш чухал. Монголчууд үндэсний дархлаа онцлогийн үүднээс анхааралтай хандаж ирээдүй үеийнхэнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодож байх хэрэгтэй шүү.

Ярилцсан Ц.Отгонсүрэн

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаан

Posted by Mongold on 2019

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм.

Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой.

Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэл нийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордоны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 30 сая төгрөг.

Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:

“ХҮН төвтэй хот” дэд сэдвийн хүрээнд агуулга, өнгө аясдаа нийцсэн байх
Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
Дуу, дүрсний шаардлага хангасан байх
Шалгарсан бүтээлийг 2-оос доошгүй удаа өөрийн телевиз, радиогийн сувгаар олон нийтэд цацах
Өгөгдсөн хугацаанд бэлтгэж нэвтрүүлсэн байх
10 минут хүртэлх хугацаатай байх
Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
Сонин, сэтгүүлийн бүтээлд тавигдах шаардлага:

“Улсын хөгжил Улаанбаатараас” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь агуулгадаа нийцсэн байх
Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
Өгөгдсөн хугацаанд өөрийн сонин, сэтгүүлд бэлтгэж нийтэлсэн байх
Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
Бүтээлийг сонин, сэтгүүлд нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх
Сайтын бүтээлд тавигдах шаардлага:

“Би их хотын иргэн” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь нийгмийг соён гэгээрүүлэх өнгө аяс, агуулгатай байх
Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
Ярилцлагаас бусад бичлэгийн бүх төрөлд нээлттэй
Өгөгдсөн хугацаанд өөрийн сайтад бэлтгэж нийтэлсэн байх
Нийтлэл, сурвалжилга нь сонины тал нүүрнээс багагүй хэмжээтэй, сайтын хувьд А4 хэмжээтэй цаасны /мөр хоорондын зай single, захаас авах хэмжээ 2.5 см, үсгийн фонт Arial 12/ 2-3 нүүр байх
Оролцогч зөвхөн нэг бүтээл ирүүлнэ
Бүтээлийг сайтад нийтлэгдсэн байдлаар болон эхээр нь ирүүлэх
Чөлөөт уран бүтээлчдийн цахим контентод тавигдах шаардлага:

“Хотынхоо хөгжилд дусал нэмэрлэе” дэд сэдвийн хүрээнд тухайн бүтээл нь хотын хөгжил иргэн нэг бүрээс шалтгаална гэсэн агуулга, өнгө аястай байх
Шинэлэг, бүтээлч, баримт судалгаатай байх
Цахим контент нь дуу, дүрсний шаардлага хангасан байх
3-5 минут хүртэлх хугацаатай байх
Нэвтрүүлгийн төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 5.000.000 (таван сая төгрөг)

II байр 1- Өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

Тусгай байр 2 Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Сонин, сэтгүүлийн нийтлэл, сурвалжилгын төрлөөр:

I байр 1 – Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

II байр 1 – Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр – 2 Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Сайтын нийтлэл, сурвалжилгын төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 3.000.000 (гурван сая төгрөг)

II байр 1- Өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

III байр 1- Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

Тусгай байр 2 – Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Цахим контентын төрлөөр:

I байр 1- Цом, өргөмжлөл 2.000.000 (хоёр сая төгрөг)

II байр 1 – Өргөмжлөл 1.000.000 (нэг сая төгрөг)

III байр 1 – Өргөмжлөл 500.000 (таван зуун мянган төгрөг)

Тусгай байр 2 – Өргөмжлөл 250.000 (хоёр зуун тавин мянган төгрөг)

Холбоо барих утас: 11325044, 88099260

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

2019.07.25. Улаанбаатарын дүр зураг

Posted by Mongold on 2019

Чингэлтэй дүүргийн өндөрлөг ↑

Үд дунд 25 градус халуун байна

“Гоё зоог” хоолны газрын цэс ↑

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

1971.09.13. Хэнтий аймгийн нутагт БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Линь Баогийн онгоц сүйрчээ

Posted by Mongold on 1971

1971 оны 9-р сарын 13-ны шөнийн 02 цаг 25 минутад Хэнтий аймгийн Идэрмэг сумын нутаг, Суваргын хөндий гэдэг газарт, Бэрхийн уурхайгаас 15 км газарт нэгэн онгоц унаж дэлбэрсэн. Уг “Трайдент” онгоцонд БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Линь Бао нарын 9 хүн сууж явжээ. Нэг ч хүн амьд үлдээгүй.

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

1624. Цогтын чулууны бичээс

Posted by Mongold on 1624

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт оршдог Дуут хадан дахь Цогт тайжийн шүлэглэсэн бичиг

Дээр тэнгэр хааны аху хийгээд
Дэлхий дахь хан богдсын аху газар
Дээр доорын ялгал буй боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.
Агнистийн агуй дахь бодиства нар хийгээд
Алтан дэлхий дэхь бодь сэтгэлтэн хоёрын
Аху газар ангид боловч
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.
Энд хан богдсын сайн түшмэл хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр боловч
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.
Олз идэш олон ядагч хүн хийгээд
Уулын модонд явагч араатан хоёрын
Ахуй газар ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.
Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхийг хүсэх сэтгэл агаар нэгэн буй.
Онон мөрөнд буй Халуут эгч минь хийгээд
Орхон, Туулд агч өвчит бид хоёр
Халх, Онигуудын газар хол боловч
Хайрлан санахын агаар нэгэн буй.
Энэ биедээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.

Posted in Тодорхойгүй | Leave a Comment »

 
%d bloggers like this: