1950-1960-аад оны дурсамж

Монголын нэн шинэ түүхийн хэдэн хэдэн чухал үйл явдал зэрэгцэн тохиосон цаг үе бол 1950-1960-аад он, ялангуяа энэхүү хоёр арван жилийн зааг дээрх он жилүүд юм. 1930-аад онд хамтрал коммун байгуулах гэж оролдсон богинохон хугацааг эс тооцвол мянга мянга жилийн түүхэнд анх удаа хөдөөгийн малчдын малыг хураан авч нийгэмчилсэн нэгдэлжих хөдөлгөөн амжилтанд хүрч үндсэндээ дууссан билээ. 

Яг үүнтэй зэрэгцэн атар газар хагалж эхэлсэн нь монголчуудын хувьд бас л цоо шинэ байлаа. Тэд амьдралын хэв маягаа өөрчлөн төвийн аймгуудад олноор байгуулагдсан сангийн аж ахуйнуудад трактор, комбайнч, газар тариалангийн бусад ажил эрхэлдэг болов. 

Улаанбаатар болон аймгийн төвүүдийн бүтээн байгуулалт өрнөв. Эхлээд монголын урд хөрш БНХАУ, дараа нь Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар нийслэл 120,220,40,50 мянгат нэртэй орон сууцны бүхэл бүтэн хороолол, сургууль, цэцэрлэг, цэнгэлдэх хүрээлэн, кинотеатр баригдаж, үйлдвэр завод, комбинат, худалдаа, үйлчилгээний газрууд байгуулагдан ажиллаж эхлэв. Ажилчин ангийн тоо эрс өслөө. Хот хөдөөгүй соёлын довтолгоо өрнөж хүн ард эрүүлжиж байлаа. Соёл боловсрол, урлаг, уран сайхан, биеийн тамир, спорт бүх нийтийг хамрав. Үзэгчдийг хэдэн үеэр нь эзэмдсэн уран сайхны кинонуудыг чухам тэр жилүүдэд бүтээжээ. Монгол залуучууд ЗХУ болон бусад социалист орнууд суралцахаар олноороо мордов.       

Монгол орны өнцөг булан бүрээс Улаанбаатар хот руу нүүдэллэж эхлэв. Энэ нь зохион байгуулалттай байгаагүй хэдий ч тэнд хөгжил дэвшил ер бусын цар хүрээтэй өрнөж даллан дуудаж байлаа.

1950-иад оны төгсгөл, 1960-аад эхэн үе бол Монгол орны төдийгүй монгол хүн бүрийн амьдрал, хувь заяанд том өөрчлөлт авчирсан эргэлтийн он жилүүд байсан юм. Тэр цаг үеийн амьдрал, тэмцэл, алдаа онооны гэрч, гар бие оролцогчид нь өнөөдрийн ахмад үе билээ. Тэдний дурсамж яриаг тэмдэглэн авч хойч үедээ зориулан ой санамж болгон хадгалах цаг болжээ.

Бид энэ үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна.


Бэгзийн Дорж


Лувсандоржийн Өлзийбаяр