2020.08. Мэнэнгийн тал

Монголын сайхан орон. Үзэсгэлэнт байгаль, уул ус, ан амьтныг бид өөрсдөө магтан шагшаад ханашгүй. Гэхдээ манай Хөвсгөлөөс гүн цэнхэр нуур, битүү тайга, Алтай Таван богдоос өндөр сүрлэг уулс, Орхон, Сэлэнгээс хэд дахин өргөн мөрөн, монголын гучин гурван говиос том элсэн цөлүүд, Хэрмэн цаваас илүү огцом ганга жалгатай хадан хөндий дэлхийд зөндөө. Байгаль нуур, Гималайн нуруу, Амазон мөрөн, Гренланд, африкийн саванна,  америкийн каньон гэх мэт. Тахь, хавтгай, мазаалайгаас өөр, бид амьдаар нь үзэж хараагүй хачин сонин амьтан үй түм.   

Гэхдээ тэр бүхэн хүнийх. Бидэнд байгаа юу хосгүй вэ гэвэл уул, ус биш, говь ч биш, тал нутаг. Тэдгээрээс хамгийн сайхан нь Мэнэнгийн тал болов уу !

Энэ бол уртаашаа зуу шахам, өргөөшөө жараад километр үргэлжилсэн, монголын хамгийн том тэгш тал болой. Магадгүй, энэ дэлхий дээрх хамгийн сүүлчийн уудам бөгөөд эзгүй тал. 

Бид саяхан Мэнэнгийн талыг цааш нааш гатлахад нэг ч хүн, ганц ч айл тааралдахгүй байснаа гэнэт арваад адуу тэртээ үзэгдсэн нь хаа нэгтээ айл буйг илтгэв. Горхи булаг байхгүй учраас айл амьтан бараг нутагладаггүй биз. Харин хүйтрэхээр цагаан зээрийн сүрэг ирж өвөлждөг гэсэн

Энэ их талд хэдэнтээ бууж эргэн тойрныг ширтлээ. Нэгэнт уул үгүй тул газар, тэнгэр шууд нийлсэн зааг нь дөрвөн зүг найман зовхист шугамдсан мэт тэв тэгш, сайтар ажиглаваас хоёр зах руугаа үл мэдэг, алгуурхан намссан байх нь дэлхий бөөрөнхийг илтгэж, бид энэ бөмбөрцөгийн орой дээр зогсож байгаа мэт ер бусын сэтгэгдэл төрөх. Ус тэнгэр хоёр шууд уулздаг гадаад их далайд бас ингэж харагддаг байх. Харин бидний хөл дор салхины аясаар найгах өвсөн далай байлаа.     

Уулс үгүй учраас үүлс нүд булаана. Доогуур нь тэгшилж зүссэн мэт хөвөн цагаан үүлс алслан нүүх зуураа элдвийг дүрслэн гайхашруулна.  

Тэгш тал учраас зам сайхан. Чухам ийм замыг хараад их найрагч маань “Хол газар одсон харгуй дардан замууд” гэж шүлэглэсэн байж таарна ↓

Мэнэнгийн тал мянга мянган жилийн турш яг ингээд налайж байжээ. Даанч шинэ цагийн монголчууд бид яаж салаа зам гаргахгүй явахав. Гэхдээ л сайхан бөгөөд уудам хэвээрээ ↓

Саяхан нэг нөхөр америкийн хөдөөгүүр хурдлан давхиж яваад авсан зурагтаа “монголынх шиг уужим тал энд байдаг юм байна” гэсэн утгатай тайлбар хийжээ. Гэхдээ нэг ялгаа байсан. Тэдний замын хоёр хажуугаар татсан төмөр тор тасралтгүй үргэлжилжээ. Хэн нэгний хувийн өмчийн газар?  

Харин манайд бол ийм ↓

Мэнэнгийн тал руу ороход хамгийн эхэнд хилийн застав үзэгдээд өнгөрдөг. Цаашаагаа эзгүй тал. Хаа нэгтээ хилийн отряд бий гэсэн. Өөр юу ч байхгүй. Цөөн хэдэн машин замд зөрсөн. Сансрын зураг дээр ч эзгүй тал харагдана ↓

Гэнэт юу үзэв ээ! Мэнэнгийн зүүн хэсэгт газрын тосны олборлолтын том талбай гараад ирлээ. Нүдээр үзээгүй бол итгэмээргүй. Бид тэр талбайг арай урагшаа гэж боддог байлаа. Хотод буцаж ирээд судалж үзэхэд Мэнэнгийн талыг тэр чигээр нь газрын тосны хайгуулын талбай болгон олгожээ. БНХАУ-ын  Петро Чайна Дачин тамсаг компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул хийгээд зогсохгүй хэд хэдэн газарт олборлолт (газрын зураг дээр улаан өнгөөр ялгав) явуулж буйн нэгэнтэй бид таарчээ ↓

Баахан байгууламж дундуур өнгөрөв. Петро Чайна Дачин тамсаг компанийн Тамсаг XXI талбай дахь төв офис энэ бололтой

Тэр сайхан хаалганаас холдож дрон нисгэж орчин тойрныг дээрээс тольдлоо. Талыг там болгоно гэж яг үүнийг хэлдэг байх

Олборлолтын талбайн хойт хэсэг. Хаа холоос татаж авчирсан өндөр хүчдэлийн шугам хөндлөн гулд хэржээ. Талаар нэг тарсан цооногууд дээр “морин толгой” хэмээх цэнхэр төхөөрөмж зогсоо зайгүй тонголзоно. Тоолж эхэлсэн ч зах нь харагдахгүй байсан учраас болив. Хэдэн зуу байх шүү  ↓

Цооног болгон дээр үе үе газрын тосны машин ирж зогсоод юүлээд авч байна

Цааш явахад хятадууд хил рүү зам тавьж харагдлаа. Улам ихээр олборлох нь ээ. Бас хэд хэдэн газарт уул уурхайн машин техник, тоног төхөөрөмж буулгажээ. Дачин тамсагийнх юм болов уу гэхэд нэгэн дээр нь монголын далбаа ч байх шиг. Хаанахын юу болохыг бүү мэд.

Мэнэнгийн тал зүүн талаасаа тал биш талбай болж байна.

(Mongold.mn)